Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны шөнө зургаан цаг үргэлжилсэн цэргийн дэглэмтэй онц байдал зарлан арав гаруй хүнийг баривчлах зарлиг буулгасан. Энэ нь улс орныг үймээн самуунд өдөөсөн, төрт улсын парламентын тогтолцоог эвдэхийг санаархсан гэх хэд хэдэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Түүнийг онц байдал зарласнаас нь хойш удалгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, улмаар энэ сарын эхэнд Үндсэн хуулийн шүүх төрийн тэргүүнээс нь огцруулах шийдвэрийг гаргасан. Сок Ёл төрийн тэргүүнээс огцорсон тул Өмнөд Солонгос улсын хуулийн дагуу дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зургадугаар сарын 3-ны өдөр товлоод байгаа билээ. Ерөнхийлөгч асан суудлаасаа буугаад энэ хэрэг дуусчихгүй. Прокурорууд Сок Ёлын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, өнөөдөр шүүх хурал нь эхэлж байна. Тэрээр өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн ордноос нүүж гэртээ харьсан. Өнөөдөр түүнийг Сөүлийн дүүргийн шүүхийн гадаа ирэхэд дэмжигчид нь цугласан байжээ.
Юн Сок Ёл өөрийнх нь эсрэг тулгаж байгаа эрүүгийн бүх хэргийг үгүйсгэж байгаа юм. Прокурорууд түүнийг дайны онц байдал зарлах эрх зүйн үндэслэлгүй, парламентаас авахуулаад төрийн бүтцийг хүчгүй, эрх мэдэлгүй болгохыг оролдсон гэх хэргүүдэд буруутгаж байна. Гэвч Сок Ёл улс орны хүчийг сулруулах сэдэлгүй байсан бөгөөд дайны үеийн онц байдал нь Засгийн газрын шийдвэрт удаа дараалан хориг тавьснаар дарангуйллын дэглэмийг тогтоох гэж оролдсон сөрөг хүчний намд чиглэсэн үйлдэл байсан гэж өөрийн шийдвэрийг хамгаалж байна. Хэрвээ төрийн тэргүүн асан бослого үймээн самууныг өдөөсөн хэрэгт шүүхийн өмнө буруутгагдвал бүх насаараа хоригдох ял, бүр цаашлаад цаазаар авахуулах ял сонсож ч магадгүй тухай томоохон хэвлэлүүдийн тоймчид бичжээ. Гэхдээ Өмнөд Солонгос улс өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд цаазын ял гүйцэтгээгүй учраас Сок Ёлд цаазын ял оноохгүй байх гэж үзэж байна.
Үндсэн хуулийн шүүх Сок Ёлын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахдаа ардчиллыг эрсдэлд оруулсан гэх үндэслэлийг баримталсан. Мөн богино хугацаанд үргэлжилсэн ч дайны үеийн онц байдал нь эдийн засаг, гадаад бодлого, нийгмийн бүх давхаргад эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж Үндсэн хуулийн шүүхийн найман шүүгч дуу нэгтэйгээр Сок Ёлыг буруутгаж огцруулсан юм. Ирэх зургаадугаар сард болох сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намын дарга И Жэ Мён ялалт байгуулах өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэг байна. Тэрээр өнөөдөр хиймэл оюуны хөгжүүлэлттэй танилцжээ. И Жэ Мён урьдчилсан санал хураалтыг тэргүүлж байна.