Түүхэн хэлэлцээр үзэглэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ
“Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье. Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж буй” хэмээсэн юм.
Доллар 3500 давлаа
Долларын ханш өнгөрөгч 2024 оны есдүгээр сараас хойш тасралтгүй өсөж байна. Өнгөрсөн оны эхнээс өнөөдрийг хүртэлх статистикийг танилцуулвал,
2024.02.01-3399.92
2024.03.01-3378.33
2024.04.01-3375.88
2024.05.01-3378.90
2024.06.01-3381.43
2024.07.01-3381.08
2024.08.01-3380.86
2024.09.01-3380.94
2024.10.01-3381.41
2024.11.01-3406.79
2024.12.01-3417.77
2025.01.01-3420.46
2025.02.01-3448.24 байна.
Тасралтгүй өссөнийг эндээс харж байгаа байх. Гэтэл өнгөрсөн долоо хоногт байдал бүр ч дордож даваа гарагт (2025.02.10) доллар 3500-г давлаа. Тухайн өдөр Монголбанкнаас зарласан ханш 3455.22 байсан ч “Уран уургач” арилжааны төвд 3490 төгрөгөөр авч, 3500-аар зарж байв. Харин баасан гарагт (2025.02.14) “Уран уургач” арилжааны төвд 3472 төгрөгөөр худалдан авч, 3480 төгрөгөөр зарж байв. Долларын нөөцгүй болсон гэх мэдээлэл нийгэмд тархахтай зэрэгцэн Монголбанкны зүгээс тайлбар хийхийг иргэд болоод эдийн засагчдын зүгээс шаардаж эхэлсэн. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зүгээс дараах тайлбарыг өгсөн юм. Тэрээр “Улирлын шинжтэйгээр бизнес зогссон. Экспорт багассан. Үүнээс гадна өдөр тутмын хэрэглээ өндөр байна. Нэгдүгээр сарын төгсгөлд 4.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. Энэ нь Монгол Улсын нийт импортын 4-5 сарын хэрэгцээ. Өмнө нь манай улсын импорт бага байсан. Харин өнгөрсөн онд импорт 26 хувь өссөн” гэх тайлбарыг өгсөн билээ. Хэдийгээр 2025 онд Монгол Улс их хэмжээний өр төлөхгүй ч ГВУН багасаж байна. Мөн экспортоос орж ирэх орлого тун бүрхэг байгааг эдийн засагчид санууллаа. Энэ бүх үзүүлэлтээс шалтгаалж, ам.доллар улам чангарч, төгрөг сулрах уу гэсэн асуулт урган гарч байна.
Зургаан жилийн дараах хоол тэжээлийн байдлын дүн
Өнгөрсөн мягмар гарагт “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг өнгөрсөн мягмар гарагт (2025.02.11) танилцууллаа. Судалгаанд нийт 2,789 өрх, 5 хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513 эмэгтэйчүүд (эхчүүд), 15-49 насны 1950 эрэгтэйчүүд, 2788 жирэмсэн эмэгтэйчүүд болон ЕБС-ийн 1-12-р ангийн 4742 суралцагч судалгаанд хамрагдсан. Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4 хувь нь өсөлт хоцролттой, 1.5 хувь нь тураалтай, 11.3 хувь нь илүүдэл жинтэй, 1.3 хувь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9 хувь), харин том жинтэй төрөлт 11.8 хувь байв. Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3 хувь) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна. Цус багадалтын тархалт 2 хүртэлх насны хүүхэд, ядуу өрх, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн, Казак хүүхдийн дунд харьцангуй түгээмэл байв. Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7 хувь төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 орчим, аж байдлын түвшин доогуур өрхийн хүүхэд, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн хүүхдийн дунд илүү түгээмэл байна. Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1 хувь ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхэд, Баруун бүс, ядуу өрх, Казак хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай хоёр хүүхэд тутмын 1 орчим (48.4 хувь) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байв.
Тав хүртэлх насны хүүхдийн 61.2 хувь өндөр тунт А аминдэмжүүлэлтэд хамрагдсан, 79.5 хувь ямар нэг хэлбэрийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн байна. Нийт хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимгийн хэрэглээ туйлын хангалтгүй, тэдний 7.9 хувь нь дунджаар 41 уут бичил тэжээлийн холимог хэрэглэсэн байв. Бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд өмнөх судалгааны үзүүлэлтээс төдийлөн сайжраагүй, эхийн сүүгээр хооллох хугацаа буурсаар байна. Хоёр хүртэлх насны хүүхдийн 87.4 хувь төрөөд 1 цагийн дотор ангир уургаа амласан, 75.8 хувь төрсний дараах эхний 2 хоногт эхийн сүүгээр дагнан хооллосон байв. Зургаан сар хүртэлх насны хүүхдийн 59.6 хувь эхийн сүүгээр дагнан, 95.4 хувь эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ сүүн тэжээл, малын сүү уусан байна. Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын 1 нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож чадахгүй, 31.8 хувь жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй байв. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2 хувь) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна.
16 хүртэлх насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашигладаг асуудлыг хуулиар зохицуулна
Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр “2024 оны арваннэгдугээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангуяа Facebook, Twitter, Snapchat, Tiktok зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох заалттай хууль баталсан нь дэлхий нийтийн анхаарал татсан. Энэхүү хуулийг судлах, үр нөлөөг нь нягтлахын зэрэгцээ Монгол Улсад дээр дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хуртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирэхээр дээрх ажлын хэсэг судалгаагаа эхлүүллээ. Суурь шинжтэй өөрчлөлт хийхийн тулд судалгаа маш их зүйл шаардана. Нийгмийн хэмжээнд ярилцаж, хэлэлцэн зөвшилцөлд хүрэх нь зүйтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа нийгмийн бүх бүлэгтэй бид ярилцана. Доороос нь дээш нь хэлэлцэх аргаар явна. Үр дүнд д хүрэх ёстой. Бэлтгэлээ хангахаар Боловсролын Яам ажиллаж эхэлсэн. 2020 онд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгааг хийж байсан. Ийнхүү хүүхдүүд цахим орчинд халдлагад өртөж байгаа эсэхийг эцэг, эхчүүдээс асуухад 91 хувь нь үгүй гэх хариулт өгсөн. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн гэж хариулсан байдаг. Дэлхийн ихэнх орон энэ алхмыг хийсэн. Тухайлбал, Франц усад 15-аас доош насныханд нийгмийн сүлжээнд нэвтрэхэд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг. Мөн Норвеги улс 13 нас хүртэл нийгмийн сүлжээнд орохыг хориглодог байснаа 15 болгохоор ярилцаж байгаа. Германд 13-16 насны хүүхэд нийгмийн сүлжээнд ороход эцэг эхийн зөвшөөрөл заавал авдаг. Америк, Их Британи, Канад улсад 13 хүртэлх настай хүүхдээс мэдээлэл цуглуулахдаа эцэг, эхийн зөвшөөрөл авдаг. Багш, эцэг, эх хүүхдүүд цөм нийгмийн сүлжээнд ордог байдлыг өөрчлөх учиртай. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана” гэв.